Гурвалжингийн гүүрийг энэ сарын 22-27-нд хэсэгчилэн хааж, засварлана

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жил таван  эх үүсвэрээс санхүүжмилттэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра "Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 төсөл арга хэмжээ хийгдэнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 9 төсөл, арга хэмжээ, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83 төсөл, арга хэмжээ, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 36 төсөл, арга хэмжээ, хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр 4 төсөл арга хэмжээ хийгдэхээс нэг нь энэ жил дуусан 3 төсөл нь хийгдэнэ. 

Улаанбаатарт нийтдээ 52.8 км авто зам шинээр хийгдэхээр төлөвлөсөн. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчилэхээр 17.8 км авто замын хийгдэнэ. Түүнчлэн гэр хороолол тэлсэн учраас нийтийн тээврийн зогсоолыг нэн шаардлагатай 9 байршилд хийнэ.  Энэ жил Улаанбаатар хотод 52 км дугуйн зам хийгдэхээр төлөвлөсөн. 

Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Сонсголон болон Яармагийн гүүрний ажил хийгдэж дууссан бол Налайхын 20.9 км авто замд энэ жил хучилтын ажил хийгдэнэ. Ингэхдээ автомашины хөдөлгөөнийг хаахгүйгээр ажлуудаа амжуулна" гэв. 

НАЗГХГ-ын орлогч дарга Мөнхбат "Гурвалжингийн гүүрийг энэ сарын 22-27-нд тав хоног засварлахтай холбоотойгоор хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Тус гүүр нь 1989 онд ашиглалтад орсон 108 метр урттай,  28.5 метрийн өргөнтэй төмөр бетонон гүүр байгаа. Уг гүүрэнд 2007 онд ээлжит засвар хийсэн. Өнөөгийн байдлаар гүүрний хоёр хэсэгт хэв гажилт үүссэн, эвдрэл ихтэй байгаа" гэлээ.

Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаар Тээврийн цагдаагийн албанаас "Дөрөвдүгээр сарын 22-ны 22:00 цагаас 27-ны 06:00 цаг хүртэл Гурвалжингийн гүүрийг засварлахтай холбогдуулан хөдөлгөөнийг түр хугацаагаар өөрчлөн зохион байгуулна. Ингэхдээ нэг урсгалд эсрэг хөдөлгөөнөөр зохион байгуулах тул иргэд хөдөлгөөн зохицуулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүсэж байна.

Гурвалжингийн гүүр нь эвдрэл ихтэй, томоохон нүхнүүд үүссэн байдгаас хөдөлгөөний эрчим сулрах, замын зохиомол түгжрэл үүсэх гэх мэт асуудал гардаг. 

Засварын хугацаанд тухайн орчимд хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэд, жолооч та бүхэн аль болох тухайн замаар зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг хүсэж байна" гэв.