Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн оюутнаас COVID-19 илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс 1 хүн эмчлэгдэж дараагийн ажиглалт хяналт руу шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна.

ХӨСҮТ-ийн лабораториор нийт 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан байсан 55 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 4 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнийг давтан шинжилгээнд оруулахад нэг хүнд коронавирус илэрлээ. Тэрээр Москвагаас Улаан-Үд хүртэл онгоцоор, Улаан-Үдээс Алтанбулагийн боомтоор дамжин орж ирсэн бөгөөд Москвагийн төмөр замын дээд сургуулийн оюутан. Уг сургуульд коронавирусийн халдвар тархсан байсан. Тиймээс явсан зам мөр чухал гэдэг нь үүнд батлагдаж байгаа. Тиймээс бид 30 хүнийг тусад нь шүүж авсан нь оносон гэдэг нь эндээс харагдаж байна.

Иргэд амны хаалт зүүхийн зэрэгцээ бээлий зүүж халдвараас өөрийгөө хамгаалах нь чухал" гэв.