Бүгд Найрамдах Солонгос Улсад Үндэсний Ассемблейн 21 дэх удаагийн сонгууль өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн парламентийн сонгуульд сонгогчид өндөр ирцтэй оролцож, эрх баригч Минжү буюу Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсныг урьдчилсан дүн харууллаа.
Коронавирусийн улмаас сонгуулийн ирц муу байна гэсэн таамагтай байсан ч 66.2 хувийн ирцтэй болж өндөрлөлөө. БНСУ-ын энэ удаагийн сонгууль 16 жилийн дараа буюу 2004 оны сонгуулиас хойш хамгийн өндөр ирцтэй сонгууль болжээ.
Мүн Жэ Иний нэр хүнд Хууль зүйн сайд асан Чо Куктэй холбоотой дуулианы улмаас унаад байсан ч цар тахлын хямралын эсрэг арга хэмжээ нь сонгогчдын үзэл бодлыг эргүүлсэн бололтой.
Тус улсын Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгох сонгууль нь дөрвөн жил тутам болдог ба энэ жилийн сонгууль дэлхий даяар цар тахалтай тэмцэж буй эмзэг цаг үед болсноороо онцлог байлаа. Урьдчилсан дүнгээр эрх баригч Ардчилсан нас 300 суудлаас 180-ыг нь авах төлөвтэй байна. Харин сөрөг хүчин “Нэгдмэл ирээдүй” нам 103-т нь ялжээ. Бусад суудлуудыг бие даагчид болон жижиг намууд хуваан авахаар байна.