Д.Нямхүү: Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн бүр анхаарах хэрэгтэй

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.13/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын 14-нд Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо. Нэг нь Сонгдо эмнэлэгт, нөгөө нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж дахин шинжилгээнд орлоо. Энэ хоёр хүнээс PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн болгон анхаарах хэрэгтэй. PCR буюу лабораторийн шинжилгээ баталгаатай нь гэсэн үг.

ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын 19, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 245 хүн байна. Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байна" гэсэн мэдээллийг өглөө.