АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) санхүүжилтийг зогсоох болсноо зарлажээ.
Тэрээр ДЭМБ-ыг коронавирусийн цар тахлын үед үндсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй тул хариуцлага хүлээх ёстой гэж хэлсэн байна.
“ДЭМБ-ыг коронавирусийн тархалтын эхэн үед бодит мэдээллийг нууцалж, ноцтой алдаа гаргасан гэж үзээд би санхүүжилтийг нь зогсоох даалгаврыг өөрийн засаг захиргаанд өглөө. ДЭМБ үндсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй тул хариуцлага хүлээх ёстой” гэж Трамп мэдэгджээ.
АНУ нь ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч бөгөөд өнгөрсөн онд $400 саяыг төлсөн байна. Энэ нь тус байгууллагын нийт төсвийн 15 орчим хувь болдог.
Трамп цааш нь хэлэхдээ “Covid-19 тахлын энэ цаг үед, Америкийн өгөөмөр санхүүжилт зөв зүйлдээ зарцуулагдаж буй эсэхэд бидний санаа зовж байна” гэсэн юм.
Өнөөдөр АНУ нь шинэ коронавирусийн цар тахалд хамгийн гүн нэрвэгдсэн улс болоод байгаа. Тус улсад сүүлийн байдлаар 592,743 халдварын тохиолдол бүртгэгдэж, 25,239 хүн нас бараад байна.
“Хятадад анх тахал дэгдэж байх үед ДЭМБ-ын мэргэжилтнүүд тус улсын нөхцөл байдлыг зөв үнэлж, Хятад улсаас тоо баримтаа үнэн зөв гаргаж, ил тод байхыг шаардсан бол өнөөдөр хамаагүй цөөн хүн амиа алдах байлаа. Хэрвээ ингэж чадсан бол олон мянган хүний амь аврагдаж, эдийн засгийн сүйрлээс дэлхий нийтээр зайлсхийж чадах байлаа. Гэтэл ДЭМБ үүний оронд Хятадын засгийн газрын нэр хүндийг хамгаалж, тэдэнд үйлчилж байсан юм” гэж Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ.
Дональд Трампын засаг захиргаа цар тахлын эсрэг анхнаасаа зөв ажиллаж чадаагүй гэж АНУ дотроо шүүмжлүүлж байгаа. Тиймээс Трампын энэ удаагийн шийдвэрийг бурууг бусдаас хайж, нэрээ цэвэрлэх гэсэн оролдлого гэж зарим ажиглагчид дүгнэж байна.
Ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөх Дональд Трампын замд коронавирусийн тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналт хүнд цохилт болох нь тодорхой болоод байгаа юм.
Тиймээс Трамп цар тахалтай холбоотой хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэмийг аль болох эрт цуцалж, улс орныхоо эдийн засгийг идэвхжүүлэх хүсэлтэй байна.
Даваа гарагт тэр АНУ-ын ерөнхийлөгч бүх 50 мужид хорио цээрийн дэглэмийг цуцлах шийдвэрийг дангаараа гаргах эрх мэдэлтэй гэж мэдэгдсэн нь маргаан үүсгэсэн юм. АНУ-ын хуулиар ийм шийдвэрийг муж тус бүрийн захирагч нар бие даан гаргах ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Харин өчигдөр Дональд Трампын байр суурь өөрчлөгдсөн нь тодорхой болжээ. Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Би удахгүй бүх 50 мужийн захирагчтай холбоо барьж, өөр өөрийн мужид төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зөвшөөрлийг өгөх болно. Холбооны засаг захиргаа тэдний үйл ажиллагааг анхааралтай хянана. Захирагч нар гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх ба бид хэрэгжилтэнд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм” гэж хэлсэн байна.