Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавирусийн хурдавчилсан тестээр шинжилгээ хийхэд эерэг гарсан

Эрүүл мэндийн яамнаас дахин мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

 "Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД 19 эерэг гарсан.

Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. 

Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан. 

Өндөр настны хувьд өмнө нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон. Тиймээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан. 

Нөгөө хүний хувьд мөн адил хурдавчилсан оношлуураар шинжлүүлэхэд бас эерэг гарсан.

Ер нь хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой. Тиймээс өвчтөнүүдийг тусгаарлаад дээж авсан байгаа. 

"Сонгдо" эмнэлгийг хаасан биш, тухайн өвчтөнийг нэг өрөөнд нь маргааш шинжилгээний хариу гартал тусгаарласан. 

Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Өндөр настай, хавдрын өвчтэй хүний уушгинд сүүдэр гарна. Архаг бронхит ч байдаг тул хатгаа гэж үзэхэд хэцүү гэдгийг Д.Нарангэрэл эмч хэллээ.

Хурдавчилсан оношлуурын талаар Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа: 

Батлагдсан оношлуур бол PCR-аар явж байгаа. Хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийсэн. Манайд гараад байгаа хэд хэдэн төрлийн хурдавчилсан оношлуур байгаа. Энэ бол вирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа юм биш. Вирусийн халдвар аваад цусанд нь үүссэн антителийг илрүүлж байгаа оношлуур. Оношлуурын мэдрэх чанар нь янз бүр байна. Эмнэлгүүд энэ оношлуураар эерэг гарсан тохилдлуудаа шинжилгээнд илгээгээд байгаа. 

Ингээд үзэхээр уг оношлуураар эерэг гарсан тохиолдол одоогоор батлагдаагүй. 

Тэгэхээр ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохилдлуудаас хамрын болон хоолойн арчдас аваад вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр л батаглаажуулж байгаа гэлээ.