НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрт олгохоор болсон. Уг өөрчлөлтийн дагуу энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголт дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Энэ талаар Татварын ерөнхий газрын мэргэжилтэнгээс тодруулахад "Урьдчилсан байдлаар 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоололтой байгаа. Одоогоор иргэдийн бүртгүүлсэн баримтуудыг Татварын ерөнхий газрын цахим системээр хянаж байна. Хуулийн хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 20-ны дотор НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлнэ" гэв. 

2020 оны нэгдүгээр улиралд нэг иргэн дунджаар 47,000 төгрөгийн буцаан олголтыг авна хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн мэдээлэлдээ дурдсан юм.