Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн тархалтын талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өчигдөр буюу Бямба гарагаас эхлэн шинэ коронавирусийн халдвараар нас барсан хүний тоогоор АНУ тэргүүлж эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар тус улсад 20,000 гаруй нас баралт, 514,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдээд байна.
АНУ-ын дараа нас баралтаараа Итали, Испани, Франц, Их Британи улс удаалж байна.
Бүртгэгдсэн халдварын тоогоор Европ тивд Испани улс тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 510 нас баралт шинээр бүртгэгдсэн нь 3 дугаар сарын 23-ны өдрөөс хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Италид 619, Францад 643, Их Британид 917 хүн нас баржээ. Их Британи улсын хувьд нас баралтын тоогоороо дэлхийд тавдугаарт орж байна.
ОХУ-д Бямба гарагт шинэ халдвар 1,000 гаруйгаар нэмэгдэж, нийт халдварын тоо 13,000 гаруй болжээ.
Ирэх долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн тус Москва хотын иргэд гэрээсээ гарах тохиолдолд заавал зөвшөөрлийн бичигтэйгээр гарах дүрмийг мөрдүүлэхээр болсон байна. Түүнчлэн Эрүүл мэндийн болон Цэрэг батлан хамгаалахын салбараас бусад салбарын ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоож байгааг тус хотын дарга мэдэгджээ.
БНХАУ-д халдварын 99 шинэ тохиолдол бүртгэгдсэний 97 нь гадны улсаас зөөвөрлөгдсөн байна.
Япон улсад халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Зарим тохиолдолд эмнэлгийн ажилчдын дунд халдвар гарсан байж болзошгүй тоон мэдээллүүд гарсан байна" гэлээ.