Улсын онцгой комиссын шуурхай штабаас аймаг, нийслэлийн авто замын хөдөлгөөнд дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах хязгаарлалт хийх болсон тухай мэдээлсэн. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас ийм шийдвэр гараагүй гэдгийг хэлж байна. Өнөөдөр авто машины улсын дугаар нь 1,6 -аар төгссөн иргэд хязгаарлалтын бүс нутагт хөдөлгөөнд оролцохгүй байх хуучин дүрэм хэвэндээ үйлчилнэ. Аймаг, нийслэлийн удирдлагууд тэгш сондгойгоор явуулах дүрэм, журам мэдээллийг боловсруулсны дараа дугаарын хязгаарлалтын шинэ журмыг хэрхэн мөрдөх тухай мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно гэдгийг Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд хэлсэн.
Мөн улсын онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд амны хаалт зүүх уриалгыг орон даяар гаргасан. Иргэд авто машинд зорчихдоо, такси үйлчилгээ, найз нөхдийнхөө тээврийн хэрэгслээр зорчихдоо заавал амны хаалт зүүхийг анхаарууллаа.
Түүнчлэн НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Автомашиныг улсын дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцууласнаар нийтийн тээврийн үйлчилгээнд төвлөрөл үүсгэх буюу хорионы дэглэмийн эсрэг чиглэгдэх магадлалтай хэмээн үзсэн тул Хотын захирагч энэ асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан" хэмээн өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.