Улсын Онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр хуралдаж, СоVid19 халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа аж. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрээр “Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал ажлын хуваарилалтаа хийж байна. Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байна. Мөн гадаадад байгаа хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэний асуудлыг тухайн улс орнуудын ЭСЯ-аар дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн. Тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадалд тулгуурлаж, эдгээр иргэнээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдэлээ тооцоолж чартераар авчрах талаар Шуурхай штаб ярьж байна.
Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах асуудлыг ярьж байна. Маргааш Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдана” гэжээ.