ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр 7-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч Монгол Улсад батлагдсан 16 тохиолдол боллоо.
192 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт 237 хүнд шинжилгээ хийгджээ.Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 177 хүн тусгаарлагдан ажиглагдаж байна.
Коронавирус илэрсэн хүн хойд хилээр гуравдугаар сарын 26-нд орж ирээд ганцаараа тусгаарлагдсан. Түүнээс гуравдугаар сарын 28-нд анхны шинжилгээ сөрөг гарч байсан ч дөрөвдүгээр сарын 7-ны давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ.
Тиймээс тусгаарлалт ажиглалтад байгаа хүмүүс өөрийгөө сайтар хянах нь зүйтэй гэдгийг харуулж байна. Сайн мэдээ нь энэхүү вируст зориулан үйлдвэрлэж байгаа эмийг яаралтай худалдан авч ХӨСҮТ-ийн эмчилгээнд хэрэглэж байна" гэв.