Дэгдэлт эхэлсэн нэгдүгээр сараас хойш анх удаа өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн нэг хоногт 89 өвчтөн эдгэрч, 32 шинэ тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Халдвар тархсанаас хойш Хятадад 81 740 хүн коронавирусний халдвар авч, 3331 хүн нас барсан бол 77 167 хүн эдгэрчээ.
Тус улсын эрх баригчид энэ сарын 1-нээс эхлэн халдварын шинж тэмдэггүй тохиолдлын талаар мэдээлж эхэлсэн юм. Даваа гарагт 30 ийм тохиолдол илэрсэн бөгөөд тэдний 9 нь гаднаас ирсэн хүмүүс байна. Халдварын шинж тэмдэг илрээгүй боловч коронавирусийн шинжилгээний хариу нь “эерэг” гарсан 42 хүнийг тусгаарлалтаас гаргаад байна. Одоогоор халдварын шинж тэмдэггүй 1033 хүн эмнэлгийн хяналтад байна.