Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ.
Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол орчимд баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтад оруулахаар болсон тухай мэдээллийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд хандан хүргэлээ.
Тус эмнэлгийн хувьд одоогийн байдлаар барилгын явц нь 95 хувьтай байгаа бөгөөд холбогдох яамдуудтай хамтран ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар болж байгаа тухай таатай мэдээллийг дуулгалаа.
Мөн тэрбээр хаврын улирал эхэлж хуурайшилттай байгаа энэ үед иргэд ууланд гарч агаар салхинд зугаалахдаа гал алдсан цөөнгүй тохиолдол илэрсэн учраас гал түймрийн аюулаас сэрэмжлүүллээ.