Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээлэл хийлээ.Одоогоор 45 улсад оршин суугаа манай улсын 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Үүнээс ахмад настан 271, жирэмсэн 32, орон байргүй 378, оюутан 78, санхүүгийн хүндрэлтэй 4000 гаруй иргэн байгаа аж.
Өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжинэ хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ.
Мөн тусгай үүргийн онгоцоор гадаад улсын иргэд ирсэн талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл эдгээр иргэн нь монгол аав, ээжтэй гадаад иргэншилтэй нялх хүүхэд байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэв. Тэрээр “Токиогоос ирсэн онгоцонд гадаадын дөрвөн иргэн байсан. Үүний гурав нь монгол аав, ээжтэй америк, испани, япон иргэншилтэй нялх хүүхэд байгаа. Ээжээс нь салгахгүй гэдэг үүднээс хамт авсан. Мөн монгол хүнтэй гэр бүл болж байнга оршин суудаг япон хүн хамт ирсэн. Дараагийн тусгай үүргийн онгоцыг энэ сарын 8-нд Сөүл рүү нисгэж, монгол иргэдээ авчирна. Таван шаардлагын дагуу иргэдийн бүртгэсэн. Тухайлбал, эмчийн хяналтад байгаа жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг таван шаардлага тавьж Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчийн газартай хамтран бүртгэлээ хийсэн. Иргэдийн зүгээс нислэгт хамрагдаж чадахгүй байгаагаа хэлж байна. МИАТ-ын төлөөлөгчийн газрын гадна иргэд эмх замбараагүй байдал үүсгэж байна. Бүх иргэнийг нислэгт багтааж авчрах боломжгүйг ойлгож, тайван хандана уу” гэлээ.