ХӨСҮТ: Туркийн иргэнээс коронавирус илэрч онош батлагдсан 15 дахь тохиолдол боллоо

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.06/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс орон даяар сэжигтэй тохиолдол илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан гурван иргэний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Харин ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирж, ажиглалтад байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 248 хүн байна" гэсэн мэдээллийг өглөө.