Монголбанкнаас цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгосон. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрүүлж байгаа юм. Энэ арга хэмжээний хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
Орон сууцны ипотекийн найм эсхүл таван хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа гурван хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;
Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны тавдугаар сарын 1-нээс өмнө харилцагч банкиндаа гаргана