Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд буюу үржлийн үед нь загас агнахыг хориглохоор тусгасан байдаг.
Загасанд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай аж.
Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1,000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна.
Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийн загасыг агнахыг хориглосон хугацааг өөрөөр тогтоосон байдаг.
Тодруулбал, тус хуулийн 9.2.3-аас 9.2.8 хүртэлх хэсэгт зааснаар:
Дархадын цагаан загасыг жил бүрийн наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл;
Буйр нуурын загасыг жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл;
Омоль загасыг жил бүрийн наймдугаар сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл;
Зарам загасыг жил бүрийн есдүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл;
Алтайн сугас загасыг жил бүрийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл;
Бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хоригложээ.
Хэрэв хориглосон хугацаанд амьтныг агнасан, барьсан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 300 нэгж хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.