Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгаа талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 02-ноос авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.
НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл нийт иргэдийн 34 хувь нь саналаа өгсөн байна. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтад иргэдээс санал авах хугацааг 20 хоногоор сунгаж байна. Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг хороо, байр, орц, гудамж талбайд тулгамдаж байгаа асуудлыг сайн мэднэ. Иргэдийнхээ өгсөн санал дээр үндэслэж 2021 онд хийгдэх орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийх болно. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэхүү SmartUb аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой” гэлээ.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 277 мянган иргэн санал асуулгад оролцсон байна. Саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь камержуулалт хийх ажилд хамгийн их саналыг өгсөн байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэрэг ажлуудад санал өгсөн байгааг Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг дуулгалаа.