Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээллийн хурлаа хийж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг " Тусгай үүргийн нислэгээр Сөүл, Токио хотоос Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Сөүлээс ирэх 251, Токиогоос ирэх 255 иргэний бүртгэл баталгаажсан байна.
Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо.
БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын тал мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, богино хугацааны буюу буцаж ирэх нислэг нь тодорхойгүй иргэдийн хувьд хил дээр асуудал үүснэ гэдгийг ойлгох шаардлагатай байна.
УОК-оос гадаад руу зорчих гэж буй эдгээр иргэдээс ойрын гурван сарын хугацаанд буцаж ирэхгүй гэх нотолгоог МИАТ компани авч билетийг нь баталгаажуулж байгаа.
Түүнчлэн Япон улсын засгийн газар ойрын хугацаанд гадаадын иргэдийг нэвтрүүлэхтэй холбоотой шинэ журам гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Сөүл, Токио руу үйлдэх нислэгт өөрчлөлт орох магадлалтай байна.
Эхний мэдээллээр Токио руу хийх нислэг нэг хоног наашилж 4 сарын 2-ны өдөр хийгдэх магадлалтай болсон. Баталгаажсаны дараа дахин мэдээлнэ.
Хэрвээ Токио руу хийх нислэг дөрөвдүгээр сарын 2-нд явахаар болвол тус өдөр Сөүл рүү хийгдэх байсан нислэг нэг хоногоор хойшилж, дөрөвдүгээр сарын 3-нд хийгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь тусгаарлагдах байр, татан авах үйл ажиллагаатай уялдан нэг хоногийн зайтай хүлээж авч буй явдал болохыг ойлгохыг хүсэж байна" гэлээ.