Сүүлийн үед шинэ коронавирусийн халдварын тохиолдол бусад улс орнуудаас импортлогдох нь нэмэгдсэн тул Хятад улсын засгийн газар Баасан гарагийн шөнө дундаас эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар болжээ.
Транзит визтэй болон Хонг Конг, Макаогоор дайрч ирсэн богино хугацааны визтэй гадаадын иргэдэд зөвхөн хилээ нээх юм байна. Хилийн хоригоо хэзээ цуцлахыг тахлын нөхцөл байдлаас хамаарч тухайн үед нь шийдэхээ Хятадын гадаад хэргийн яам мэдэгджээ.
Хоёрхон сарын өмнө Хятад улс коронавирусийн тахлын хамгийн том голомт болж байсан бол өнөөдөр байдал эсрэгээрээ өөрчлөгдөөд байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадад халдварын нийт 233 тохиолдол илэрсэн бол дэлхийн бусад улс орнуудад нийт 166,000 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Харьцуулбал хоёрдугаар сарын эхний долоо хоногт Хятадад 23,076 тохиолдол илэрч байхад дэлхийн бусад улсуудад нийт 197 тохиолдол бүртгэгдэж байв.
Гэхдээ өнөөдөр Хятадыг зорин ирж байгаа гадаадын иргэд нийт зорчигчдын бага хувийг эзэлж байгааг CCTV суваг мэдээлжээ. Тухайлбал Хятад руу ирж байгаа зорчигчдын 90 хувь нь Хятад улсын өөрийнх нь иргэд, тэдгээрийн 40 орчим хувь нь оюутнууд байгаа гэнэ.