Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдаанаар “Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын тухай” асуудлыг хэлэлцлээ.
“Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор дөрвөн чиглэлээр нөөцийн махыг бэлтгэж байна. Мөн нөөцийн мах худалдах хүнсний дэлгүүрийг зорилтот бүлгийн хүн амын тоо, байршил, шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгчтэй, Е баримт хэвлэгч пос терминал төхөөрөмжтэй газруудад хуралдан борлуулж байна. Түүнчлэн махны үнийг тогтвортой байлгах зорилгоор шаардлагатай тохиолдолд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг томоохон зах, худалдааны төвүүдэд зохион байгуулахад төлбөр хураамжийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Махны борлуулалт, үнэтэй холбоотой хөндлөнгийн хяналтыг мэргэжлийн байгууллагууд сайн тавьж ажилла. Эрүүл ахуйн шаардлага хангасан газар худалдан борлуулалт хийхэд мөн хяналт тавих шаардлагатай” хэмээлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс