Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан монголд COVID-19-ын онош батлагдсан таван тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл " COVID-19-ын халдвар дэлхийн 165 оронд тархсан байна. Шинээр 5 оронд өвчлөл нэмэгдсэн. Ихэнх тохиолдлууд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Европын орнуудад буюу Норвеги, Итали, Испани, Дани, АНУ, Итали, ХБНГУ, АНУ, Францад өвчлөл өндөр тархацтай хэвээрээ байна.
Манайд өчигдөр COVID-19-ын онош батлагдсан тав дахь тохиолдол бүртгэгдсэн. Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг эмэгтэйд халдвар илэрсэн. Түүний ойрын хавьтал 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.
Цаг агаар дулаарч байгаа ч нимгэн хувцаслаж болохгүйг анхааруулж байна. Даарах нь дархлаа сулруулдаг. ДЭМБ-аас өгч байгаа нэг зөвлөмж бол аль болох хоорондоо 1 метрээс доошгүй зайд байх хэрэгтэй. Тиймээс банк, ATM, нийтийн тээвэрт зай барьж харьцахыг зөвлөж байна.
Эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн утаснууд ажиллаж байгаа. Яаран эмнэлэгт хандах нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа зүйл гэдгийг анхааруулья.
Гараа сайн угаа, дархлаагаа сайн дэмжих, тайван байх, унтаж амрахыг ЭМЯ-наас цуврал зөвлөмжүүдээрээ хүргэж байгаа.
Голомт болон ойрын хавьтал бүгд тусгаарлагдсан шинжилгээ оношилгоо хийж байгаа” гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ 2277 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 1337 иргэн байна. Өнгөрсөн хугацаанд 300 сэжигтэй тохиолдлыг бүртгэж шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар сэжигтэй 4 тохиолдлыг хянаж, онош батлагдсан 5 тохиолдол байна.
Өнөөдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирэх хүний тоо тодорхой биш байна. Урьдчилсан байдлаар 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Тэдгээр зорчигчдыг Зүчи зочид буудал, Бага баян амралт, Асралт мед эмнэлэгт хүлээн авахаар бэлтгэлээ хангаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай болон голомтын бүс нутгаас ирсэн тохиолдлуудыг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах бэлтгэл ажлуудыг хангасан.
Урьдчилсан байдлаар Истанбул-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор нэлээд хүнд нэг хүүхэд ирнэ гэсэн. Тиймээс бид онгоцонд Халдвартын эрчимт эмчилгээний эмчийг хүүхдэд шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлэхээр бэлтгэл хангаж явуулсан.
Тусгаарлах байранд ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа.
ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа учраас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн бэлтгэлийг хангаж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдлыг байнга хянаж байгаа.
Өнөөдрийн байдлаар томуу томуу төст өвчний амбулаторийн эзлэх хувь 2.2 хувьтай байгаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 16-нд онгоцоор ирсэн нэг иргэнээс өчигдөр буюу 17-нд коронавирус илэрлээ. Онгоцоор зохион байгуулалттай ирсэн учраас ойрын хавьтлыг судлах зохион байгуулалтын ажил хялбар байна. Гэвч бид хяналт сэрэмжээ алдахгүй ажиллаж байна. Мөн өнөөдөр түргэвчилсэн оношлуураар нэг хариу эерэг гарлаа.
Гуравдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д 1, Сэлэнгэ аймагт нэг, Говь-Алтайд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ, тандалт хийж байна. Лабораторийн сорьц ХӨСҮТ рүү шилжүүлж байна.
Монгол төр иргэдээ авчрах ажил дээр бүх салбар уялдаа холбоо сайтай сахилга баттай ажиллана. Гол нь бид голомт гарсан газруудаас иргэдээ аван, тархалтыг дэгдээхгүй байх тал дээр ажиллаж байгаа. Иймд энэ ажил дээр иргэдийг хамтран ажиллахыг хүсье.
Сүүлийн тохиолдол Берлин-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн. Өөр хэсэгт хуваарилагдан байгаа иргэдэд бид түргэвчилсэн оношлуураар тандалт хийхээр төлөвлөж байгаа. Иргэд бидэнд үнэн зөв мэдээллээ өгөх хэрэгтэй”
Францын биеийн байдал тогтвортой сэтгэл санаа тайван байна. Өчигдөр илэрсэн нэг тохиолдлын биеийн байдал хүндхэн байна. Бусдынх нь биеийн байдал тогтвортой байгаа. Одоогийн байдлаар ноцтой санаа зовоосон зүйл байхгүй байна”