Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Ойрын хавьтлуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд өнөөдөр халдварын бас нэгэн тохиолдол бүртгэгдлээ.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна. Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Тэрээр онгоцонд өчигдөр ирж онош батлагдсан зорчигчоос хол суусан, ойрын хавьтал биш гэж үзэж байгаа. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Бид онош батлагдсан 5 тохиолдлыг ДЭМБ-аас өгсөн зөвлөмж, заавар, удирдамж, ЭМ-ийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу эмчилж байгаа. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. Эмнэлгийн хэрэгсэл, эм тасалдсан тохиолдол байхгүй" гэв.
Хэрвээ иргэдэд халуурах, хуурай ханиалгах, цээжээр өвдөх, булчин өвдөх , бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 100, 103, 80086829 дугаарт хандахыг зөвлөлөө.