Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая албан ёсны мэдээлэл хийлээ. Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван хүнээс Covid19 вирус илэрчээ. Иргэдээс авсан лабораторийн шинжилгээний эхний хариу өнөөдөр 20:00 цагаас гарчээ.
ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар "Эдгээр хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Хавьтлуудыг нарийвчлан судалж байна. Бид коронавирус гарсан улс орноос иргэдээ авчирч байхдаа эрсдэл байгаа гэж тооцоолж байсан. Тиймээс зохих бэлтгэлээ хангаж тухайн иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа. Үүний үр дүнд хүн амын дунд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадсан. Францаас Германаар дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Бид шаардлагатай тусламж үйлчилгээг авч байгаа. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын 9 хүнийг тусгаарлан шинжилгээ авсан" гэлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсад гарах нь цаг хугацааны асуудал байсан тул иргэддээ зөвлөгөө зөвлөмжийг тогтмол хүргэсээр байна. Иргэдээ тайван байхыг хүсэж байна. Айж сандарч дархлаагаа бүү унагаарай" гэв.