Онцгой дэглэмийн үед бараа бүтээгдэхүүнийхээ үнийг зохиомлоор өсгөвөл 5-20 сая төгрөгөөр торгох хуультай

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр үнийн зохиомол хомсдол үүсгэж буй асуудлаар ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газраас өгөгдсөн чиглэлийн дагуу ШӨХТГ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн зохиомол өсөлтөд анхааран ажиллаж байна.

Иргэд маань албан бус мэдээллийг үндэслэж их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг авч нөөцлөөд хомсдол үүсгэх, үнэ зохиомлоор өсгөх нөхцөл байдлыг үүсгэсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд махны үнийг зохиомлоор өсгөсөн. Үүнд ШӨХТГ-аас баг гаргаж ажиллуулаад махны үнэ өсгөсөн газруудад арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, Өнгөрсөн тав дахь өдөр И-март дэлгүүр махны үнээ үндэслэлгүй өсгөсөн гэх үндэслэлээр 20 сая төгрөгөөр торгосон.

Бараа бүтээгдэхүүний үнэ зохиомлоор өсөж буй явдалд иргэдийг манай байгууллагатай хамтран ажиллаж мэдээлэхийг хүсэж байна. 115 дугаарын үнэ төлбөргүй утас ажиллуулж эхэлсэн.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамж хэвийн буюу хангалттай байна. Нөөцийн махны хангамж, чанарын асуудал бас хэвийн байна. Номин дэлгүүр дээр шалгалт ажил өнөөдөр хийгдээд дуусах гэж байна.

Онцгой дэглэмийн үед бараа бүтээгдэхүүнийхээ үнийг зохиомлоор өсгөж ашиг олж буй худалдаа эрхлэгч бизнес эрхлэгч нарт хуулийн дагуу 5-20 сая төгрөгийн торгууль ногдуулах хуультай" гэв.