Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Халдвар авсан хүнтэй нэг, хоёрдугаар хавьтал болсон хүмүүсийг тусгаарлана гэдэг нь халдвар судлалын мэргэжлийн үйл ажиллагаа.
Тиймээс хоёрдугаар хавьтлын хүнийг ч тусгаарлаж болдог.
40 орчим хүний бүрэлдэхүүнтэй халдвар судалгаа хийх баг хоёр шөнө нойргүй хонож, нийт 338 хүнээс асуумж, судалгаа авч ажиллалаа. Энэ дотроос 171 хүнийг ойрын хавьтал гэж авч үзэж тусгаарласан.
Үүнээс Улаанбаатар хотод 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд Дорноговь аймагт халдвартай хүнтэй вагонд сууж явсан 28 хүнийг аймгийн төвд нь ажиглалтад тусгаарлагдсан.
Мөн камп дээр нь 64 хүнийг ойрын хавьтал гэж үзэж тусгаарласнаас гадна Орхон, Сэлэнгэ, Увс аймаг болон Налайх дүүрэгт хүмүүс тусгаарлагдсан байгаа. Тэдгээр хүний шинжилгээний дээжийг авсан, зарим нь ирж байгаа.
Одоогоор нийтдээ 171 хүний шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээнд COVID-19 илрээгүй.
Өчигдөр шөнийн 23:00, 00:00 цагт ар араасаа ирсэн хүмүүсийн шинжилгээ удахгүй гарна.
Шинжилгээний хариу гарах цагийн асуудлын хувьд тодруулж хэлэхэд, бид дэлгэрэнгүй шинжилгээ хийж, бусад томуугийн вирусийг илрүүлэх, хүндэрсэн хатгааны шинжилгээ хийх бол тухайн хүний шинжилгээний хариу 24 цагаас дээш хугацаанд ч гарч болдог. Энэ бол мэргэжлийн ажил" гэв.
Мөн тэрбээр "Өнөөдөр гүнзгийрүүлсэн судалгаа хийгдэх бөгөөд тухайн халдвар Франц иргэнийг хаагуур явсныг дахин нарийн тодорхой болгож, хавьтлын хавьтлуудыг цааш судална.
Тухайн иргэнтэй ойрын болон хавьтлын хавьтлууд болсон иргэдийн зарим нь тусгаарлагдаж ирж байгаадаа гомдож байна. Халдварт өвчин хэзээ ч хэнийг ч өвчлүүлж болно. Гол нь бид зохион байгуулалт сайтай байж халдварт өвчнийг ялна" хэмээн онцлов.