В. Удвал – хуульч, улс төр судлаач мэргэжилтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар болон Удирдлагын академийн багшаар олон жил ажилласан. Үндсэн хуулийн үнэт зүйл үзэл баримтлал, авлигатай тэмцэх асуудал, төрийн албаны төлөвшил, эрх зүйн шинэчлэл, нийгмийн шударга ёс, улс төрийн санхүүжилт, жендэрийн эрх тэгш байдлын асуудлаар судалгаа хийн асуудал дэвшүүлж, шийдэл санал болгосон нийтлэлүүдийг өөрийн оронд болон бусад орны хэвлэлүүдэд гаргаж байжээ.
ҮЛ ЗОГСОЖ, ҮР ДҮНД ХҮРЭХ - ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨР
Залууст, эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэдэг өдөр гэвэл илүү сайн ойлгогдох Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр, хоёр зуун дамнан энэ өдрүүдэд болдгоороо болж байна. Энэ өдрийг тэмдэглэхдээ утга агуулгыг нь дурсан санаж, эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярихгүй байхын аргагүй.
Түүх сөхвөл...
1857 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Нью-Иорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажиллах нөхцлөө сайжруулахыг шаардсан гэдэг. Түүнээс хагас зуун жилийн дараа 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө мөн л жагсаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Харин 1910 онд II интернационал анх удаа Олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг Копенгаген хотноо хуралдуулахад жил бүрийн 3 дугаар сарын 8-ныг Ажилчин эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болгох саналыг Герман хадагтай Клара Цеткин гаргаж, энэ өдрийг тэмдэглэлт өдөр болгосон түүхтэй юм билээ. Тэр үеэс эмэгтэйчүүд олон улсын хэмжээнд яагаад эрхийнхээ төлөө шаардлага тавьдаг болсон юм бол хэмээн сонирхвол, тэгш бус байдал өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурь нь эрэгтэйчүүдээс ялгаатай байсанд оршино. Тухайлбал, бага цалин авдаг, ажиллах нөхцөл нь өөр, хүйсээр дорд үзэгддэг гэх мэт түмэн янзын бэрхшээл шалтгаан байжээ.
Энэхүү Олон улсын өдрийг улс орон бүр өөр өөрөөр тэмдэглэдэг байна. Манай улсын хувьд 1955 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн “Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай” 137 дугаар зарлигаар эмэгтэйчүүдийн баярын өдөр болгон тэмдэглэж иржээ. Үүнээс 40 жилийн дараа буюу 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг хүүхдийн баяртай нэгтгэн “Эх үрсийн баяр” болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байж. Харин 2003 онд Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх хоёр баярыг салгаж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон байна. Ийнхүү бид 3 сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээх утганаас нь арай өөрөөр, бүсгүйчүүдээ архиар дайлж хавтгайран найрлах, эмэгтэйчүүдийг “гэрт нь суулгах”/төрсөн үед нь зөвхөн эмэгтэй хүнд хүүхдээ асрах чөлөө олгодог/, эмэгтэйчүүдэд зориулсан барааны маркетингийн өдөр мэтээр тэмдэглэдэг болтол нь “хөгжүүлсэн” байна.
3 сарын 8-ны өдрийн мөн чанар, утга санааг мөшгөвөл...
Баярын өдрөөр эмэгтэйчүүдийн эрхийг яагаад онцлоод байна вэ гэх асуулт гарах биз. Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь хүүхэд төрүүлдэг хүйсээсээ үл шалтгаалан хүний эрхийг тэгш эдлэх боломж, хүний эдэлбэл зохих суурь эрх хэмээн хүн төрөлхтөн өнгөрсөн зууны сүүлээр хүлээн зөвшөөрчээ. Эмэгтэйчүүдийн эрхэд хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, боловсролтой болох, өмч хөрөнгө эзэмших эрх, сонгох сонгогдох эрх, шударга бөгөөд тэгш цалин хөлс авах эрх зэрэг олон эрхүүд хамаарна. Өнөөдөр манай улсад төдийгүй дэлхий дахинд охид, эмэгтэйчүүд хүйсээсээ шалтгаалан хүний эрхээ эдлэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдэд хүний эрхийг эдлүүлэх нь тэдэнд боломж олгохоос давсан өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ нь сэтгэл санаа, ухамсрын түвшний болон нийгмийн бодит өөрчлөлтийн асуудал болно. Эмэгтэйчүүд хохирогч гэх, эмэгтэйчүүдийг гэрээс гаргахгүй байлгах, тэдэнд үл итгэх, эмэгтэйчүүдийн асуудлыг авч үзэх хүний эрхийг/ард хоцрох уламжлалт зан байдал/ хоцрогдсон арга, эмэгтэйчүүдийг дүрслэх хэвлэл мэдээллийн хиймэл буруу дүр төрх, асуудлыг нь ойлгохгүй гаргасан бодлого гээд буруу байгаа болгоныг зөв болгосон үед л эмэгтэйчүүдийн хүний эрх “түүний төлөөх тэмцлээс салах” болно. Дүгнэж үзвэл эмэгтэйчүүдийн хүний эрхийн асуудлаар бид өөрчлөгдөх тухай ойлголт юм. Тухайлбал, энэ нь эрх зүйн орчныг улам сайжруулах, төрийн зарим бодлогыг өөрчлөх, хүмүүсийн сэтгэл зүрх, үзэл санааг эзэмдэх, төрөөс бодлогоор тусгай арга хэмжээ авах тухай ойлголт юм. Тусгай арга хэмжээ гэдэг нь олон улсын хэм хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэгш эрхийг хангах боломж билээ.
Сүүлийн өгүүлбэрийг тайлах олон улсын хоёр үйл явдлыг тайлбарлая. Нэгдүгээрт, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцийг Ерөнхий Ассамблей 1979 оны 12 сард баталсан. Түүнийг Монгол Улс 1981 оны 9 дүгээр сард соёрхон баталж, манай улсад хэрэгжих боломжийг бүрдүүлсэн. Энэ конвенцийн хэрэгжилтийн байдлыг 2015 онд Монгол Улсын Засгийн газраас бэлтгэсэн 8 ба 9 дүгээр ээлжит илтгэлээр НҮБ-д тайлагнасан байдаг. Тухайн үед журмын дагуу ТББ сүүдрийн илтгэлийг ч бэлтгэж байжээ. Хамгийн сүүлд Монгол Улс Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл 2 дахь хэлэлцүүлгийн үеэр хүргүүлсэн 150 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан, Зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор баталж хэрэгжүүлж байгаагаа 2020 оны 1 сард болсон олон талт уулзалт дээр танилцуулсан билээ. Гэсэн хэдий ч энэ чиглэлээр дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөө 30 гаруй жил хөөцөлдсөн хүний хувьд бодит үр дүнг нэхэх шаардлага байгаа гэдгийг энд хэлье. Хоёрдугаарт, 1995 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөв дэх удаагийн бага хурал болж Бээжингийн Тунхаглал болон үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ үйл явдлын 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ бага хуралд оролцсон 17000 гаруй төрийн болон бизнесийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн төлөөллүүд “эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох, тэднийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах, эрх тэгш үндсэн дээр нийгмийн бүхий л салбарт бүрэн оролцоотой байх зэрэг нь тэгш байдал, хөгжил дэвшил, энх тайвныг цогцлоох үндэс нь болно” гэсэн итгэл үнэмшлийг өвөртлөн, жендэрийн тэгш байдлыг хангах үүрэг амлалтад гарын үсэг зурж байжээ. Гэсэн ч манай улсад төдийгүй дэлхий дахинд тэгш бус байдал оршсоор байна. Эмэгтэйчүүдийн хүний эрхийн хувьд Монгол улс нийгмийн амьдралын бүхий л салбарт жендэрийн эрх тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулах чиглэлээр олон өөрчлөлтийг хийж чадсан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг намайг засагт ажиллаж байх үе/2011 он/-д батлан гаргасан. Гэхдээ эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, ялгаварлагдсан, мөн эрх ашиг нь хохирч гадуурхагдаж байгаа бүлэг болох эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтыг устгах чиглэлээр шаардах эрх, бас асуудал нь ч байсаар байна. Бид илүү эрхийн төлөө биш тэгш эрхийн төлөө тэмцэж байгаа.
2015 онд дэлхий нийтээр Мянганы хөгжлийн зорилт/Монгол улс 9 зорилтоос “парламентын нийт гишүүдийн 30% нь эмэгтэй гишүүд байх” зорилтыг биелүүлж чадаагүй/-ыг хэрэгжүүлсэний дараа 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тогтвортой хөгжлийн зорилтод эмэгтэйчүүдийн эрхийн ахиц дэвшлийг баталгаажуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтыг тусгаснаараа онцлог юм. Эмэгтэйчүүдийн асуудлаарх зорилт нь боловсролын тэгш хүртээмж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг өргөжүүлэх болон охид эмэгтэйчүүдэд ноогддог цалингүй халамж, үйлчилгээний ажлын ачааллыг бууруулах чиглэл билээ. Эдгээрийг хэрэгжүүлэхээр аливаа улсын Засгийн газраас авсан амлалт хариуцлагыг эмэгтэйчүүд л эрхийнхээ өдрөөр нэхэж чадах билээ.
Эмэгтэйчүүд бид цаашдаа: - “дэлхий нийтээрээ хоёр зуунаар “эмэгтэйчүүдийн” зовж байж олж авсан эрхээ алдах уу? эсвэл одоогийн хүчтэй хөдөлгөөн нь шинэ ялалтыг өдөөх үү? гэдгийг эргэцүүлэн бодох, - нийгмийн өөрчлөлтийг авч ирэхэд тус дөхөм үзүүлэх эмэгтэйчүүдийн хүний эрхийн төлөөх давалгааг эрчимжүүлэхэд оролцоогоо хангах уу? гэдгийг ойлгож ухамсарлах шаардлагатай байна. Мөн энхийг сахиулахад эмэгтэйчүүд оролцож байгаа\Токиогийн оломпид өрсөлдөж оролцох тамирчдын 46% нь эмэгтэйчүүд байх тоо нийтэд ил болсон\, “бүргэдээр ан хийх охин” мэт хэвшиж тогтсон уламжлалыг өөрчилж байгаа шинэ үзэгдлийг эергээр хүлээн авч, төрөлт дагасан нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг бий болгох, хот төлөвлөлт, зам харилцаа, бусад бүтээн байгуулалтын салбаруудад эмэгтэйчүүд илүү нөлөөтэй байх боломжийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдэд хандах хандлагыг өөрчлөн хүчирхийллийг бууруулж, Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх алтан боломжийг алдах учиргүй юм.
Эмэгтэйчүүд хүний эрхээ эдлэх хүртээмжээр бүрэн хангагдсан цагт л жинхэнэ эрх тэгш байдал биелэлээ олно. Эмэгтэйчүүд манлайлж/өөрсдөө өөрчлөгдөн бусдын төлөө байх үндсэн мөн чанараа олж/ тэгш эрхтэйгээр улс төрд дуу хоолойгоо хүргэдэг болсон үед л улс орны эдийн засгийн нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж, олон нийтийн хүсэн хүлээдэг сайхан амьдрал бий болж, нийгмийн шударга ёс бодит биелэлээ олно. Энэ үед л эмэгтэйчүүдийн хүний эрхийн тэмцэл дуусах биз. Хүсэн хүлээсэн өөрчлөлтийг бий болготол эмэгтэйчүүдийн хүний эрхийн төлөө тэмцэл үргэлжилсээр л байх болно.
В. Удвал
2020.03.07