Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар дэлхийн 99 улсад COVID-19-ийн халдвар тархаж, халдвар авсан хүний тоо 106,139-т хүрч, 3,600 гаруй хүн нас бараад байна.
ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Дэлхийн бөмбөрцгийн нэг ч улс орон шинэ коронавирусийн халдвар гарахгүй гэж бодож болохгүй. Ингэж бодвол ноцтой алдаа болно. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, илрүүлэх, тусгаарлах, хавьтлыг нэг бүрчлэн тогтоох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгсөн. Энэ дагуу Улсын онцгой комисс салбар бүрт үүрэг чиглэл өгч байна.
Бид Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж, эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан баг ОХУ-д шинэ коронавирусийн халдварын үеийн оношилгоо эмчилгээний чиглэлээр туршлага судалж байна.
Мөн Засгийн газрын нөөц хөрөнгө болон олон улсын байгууллагын зээл тусламжийн хүрээнд шинэ коронавирусийн халдварын үеийн эмнэлгийн тусламжийн эм тариа, тоног төхөөрөмжийг худалдан авахаас гадна хүний нөөцөө бэлтгэн ажиллаж байгаа.
Түүнчлэн өнөөдрийн хурлаар иргэдийг тусгаарлах журам боловсруулах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгсөн бөгөөд тусгаарлаж буй газруудын зардалтай холбоотой асуудлыг тооцож, Улсын онцгой комиссоор оруулж хэлэлцүүлэх даалгаврыг бид авлаа.
Бид шинэ коронавирусийн оношлууртай холбоотой асуудлаар Солонгос, Япон болон БНХАУ-тай ажиллаж байна. Дэлхийн улс орнууд хурдавчилсан оношлуурыг туршиж эхэлсэн. Энэ чиглэлээр ОХУ-д ажиллаж буй баг судалгаа хийж байгаа” хэмээн мэдээлэв.