ГХЯ: Лас Вегаст RE/MAX-ын чуулганд оролцсон хүнээс COVID-19 халдвар илэрсэн гэсэн мэдээлэл батлагдаагүй

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хийсэн ээлжит мэдээлэлтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:"Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яам, Улсын онцгой комисс болон бусад төрийн байгууллагуудад гүнээ талархал илэрхийлье.

RE/MAX компанийн 24 ажилтан хоёрдугаар сарын 24-27-ны хооронд АНУ-ын Лас Вегас хотод жил бүр зохион байгуулагддаг дэлхийн үл хөдлөх хөрөнгийн чуулга уулзалтад оролцсон ба энэхүү арга хэмжээ нь жилийн өмнөөс төлөвлөгдөн зохион байгуулагддаг юм.

Одоогийн байдлаар дээрх хүмүүсээс 16 хүн Монголдоо ирээд байгаа бөгөөд гадаадад зорчигчдоос асууж буй бүх асуумж, мэдээлэлд үнэн зөв тодорхой мэдээлэл өгч бүгд одоогийн байдлаар гадаадаас ирсэн бүх хүмүүсийн адил ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа болно.

Дараагийн 8 хүн тун удахгүй ирэх ба мөн бүгд одоо мөрдөгдөж буй бүх дүрэм журмыг даган тусгаарлагдах болно.

Лас Вегаст болсон RE/MAX-ын чуулганд оролцсон хүнээс COVID-19 халдвар илэрсэн гэсэн мэдээлэл нь албан ёсоор батлагдаагүй мэдээлэл гэдгийг дурдахыг хүсэж байна. Тухайн үед Лас Вегас хотод дөрвөн томоохон конференс болсон байна.

Бид та бүхний нэгэн адил Монголдоо вирусийн халдвар тархахгүй байлгахын төлөө хичээн ажиллаж аюулт вирусийн халдвараас сэргийлэх төрийнхөө бүхий л бодлого, үйл ажиллагааг чин сэтгэлээсээ дэмжиж даган ажиллаж байгаа болно" гэжээ.