Нэг гэр бүлийн гурван иргэн Итали улсаар зорчоод ирснээ нуусан тохиолдол гарсан

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдөр Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 27 зорчигч ирснээс нэг хүнийг Багабаян амралтын газарт ажиглалтад аваад байна. Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар хүргүүлээд байна.

Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван болох хүн Ш, А бага насны охины хамт Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй буусан байсан. Өчигдөр орой хууль, хяналтын бүх байгууллага хамтран ажилласан.  Тэр хүний асуумжаар хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц-Женев гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн байсан.  Тэр мэдээллээ гурвуулаа нуусан учраас гэрийг нь хайж олсон. Мөн буусан даруйдаа ажилдаа очсон байсан. Тиймээс ажлын газрынх нь болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж тандалт судалгаа хийлээ.  Энэ бол иргэний маш хариуцлагагүй үйлдэл. 

Өнөөдрийн байдлаар 469 тохиолдлыг тусгаарлан хяналтад аваад байгаа. Нийслэл дэх тусгаарлан ажиглах байруудаас гадна Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Орхон, Баян-Өлгий аймгуудад иргэд ажиглалтад байгаа. Нийт 255 сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг сүүлийн гурван жилийн дунджаас 1.8 дахин буурсан дүнтэй байгаа" гэв.