Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын товыг наашлуулж, энэ сарын эхээр хуралдахаар болсон гэдгийг өнгөрсөн долоо хоногт тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн. Мөн тэрбээр, эдийн засгийн уналтыг зогсоох, өсөлтийг дэмжих мөнгөний бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэрээ Мөнгөний бодлогын хороо ирэх долоо хоногт хуралдаж, хүүг 0.5 нэгжээр буулгах саналыг хэлэлцэнэ гэв.
Тус хороо жилд дөрвөн удаа хуралддаг. Өөрөөр хэлбэл, гурав, зургаа, ес, арванхоёрдугаар сард хуралдаж, бодлогын хүүгийн хэмжээг тогтоодог юм. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 20-нд Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 11 хувьд нь хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Энэ үеэр мөнгөний бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг оруулсан ч хорооны гишүүдийн саналаар 11 хувьд хэвээр хадгалсан. Мөн банкны заавал байлгах хувь хэмжээг 10.5 хувь, гадаад валютын албан нөөц заавал байлгах хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоосон юм.
Тэгвэл энэ удаагийн хурлаар дахин 0.5 нэгжээр буулгах саналыг хэлэлцэх юм байна. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсын экспортын 80 гаруй хувь, импортын 40 гаруй хувийг БНХАУ эзэлдэг. Дэлхийн олон улс орны Төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төв банкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0.5 нэгжээр буулгах саналыг гаргаад байгаа юм. Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болж болно гэж үзэж байгаа. ДЭМБ-аас бэлэн мөнгө коронавирусийн халдвар тараадаг байж болзошгүй гэж анхааруулж байгаа. Тиймээс Монголбанкнаас банкуудад нийлүүлж байгаа мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна” гэлээ.