Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас төгсөлтийн болон улсын шалгалт авахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Сурагчдаас анги төгсөх болон улсын шалгалт авахгүй. Харин төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ авна. Хичээлийн явцын дүнгээрээ төгсөлтөө дүгнүүлнэ. Улсын шалгалтыг нэг, хоёр хичээлээр л авдаг. Шалгалт өгөх хичээлүүдээ бэлтгээд бусдыг нь орхигдуулах асуудал байдаг. Тиймээс хүүхдүүдийг бүх хичээлд жигд суралцуулах үүднээс ийм шийдвэр гаргасан” гэлээ.
Түүнчлэн ЭЕШ-д оролцох сурагчдаас авах монгол хэл бичгийн шалгалтыг цуцалсан. Уг шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн ирэх долоо хоногоос ЭЕШ өгөх сурагчдад зориулсан теле хичээлийг телевизээр тусгайлан заахаар болжээ.