Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 03 дугаар сарын 3-ны өдрийн 06:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Өчигдөр /2020.03.03/ өглөөний 06.00 цагаас өнөөдөр /2020.003.04/ 08.00 цагийн хооронд Нийслэлийн шалган нэвтрүүлэх зургаан товчоогоор 31 998 тээврийн хэрэгслээр 108 772 иргэн нийслэл хот руу орж гарах хөдөлгөөн хийжээ. Эдгээрээс 20 302 тээврийн хэрэгсэл нь 74 308 зорчигчтойгоор нийслэл хот руу орон нутгаас орж ирсэн байна. Харин Улаанбаатар хотоос 11 696 тээврийн хэрэгсэлтэйгээр 34 464 иргэн орон нутаг руу зорчжээ.
Хөдөлгөөн нээхтэй холбоотойгоор үүсч болзошгүй нөхцөл байдалтай уялдуулан цагдаагийн байгууллагаас хот хоорондын улсын чанартай хатуу хучилттай авто зам дээр 98 цэгт хяналтын цэгийг байгуулан хяналт шалгалтыг хийж ажилласан. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмээ жолоочид биелүүлэн зорчсоноос хүний амь нас хохирсон осол аваар бүртгэгдээгүй байна. Харин хурд хэтрүүлсэн 179 зөрчлийг илрүүлэн торгууль оногдуулж ажиллажээ. Мөн хүн тээвэр хэтрүүлсэн 102 жолоочид арга хэмжээ тооцож илүү зорчигчийг буулган зөрчлийг арилгуулсан аж. Түүнчлэн хүүхдийг буруу тээвэрлэсэн 50 жолоочид арга хэмжээ тооцсон байна.
Хязгаарлалт тогтоосон хугацаанд 5428 тээврийн хэрэгсэлтэй 11 809 зорчигч бүхий тээврийн хэрэгсэл хулгайн замаар зорчих гэсэн оролдлого гаргасныг илрүүлж буцаах арга хэмжээ авчээ. Мөн орон нутагт онцгой комиссын бичгийг ашиглан хууль бусаар хүн тээвэр хийх гэж байсан зөрчлийг илрүүлж арилгуулсан байна.
Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтжээ. Үүнээс гурав нь хүүхэд гэмтсэн тохиолдол байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 9 хүний амь нас эрсэдсэн бөгөөд үүний долоон тохиолдол нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Эдгээр долоон тохиолдлын дөрвөн нь автомашинтайгаа ухрахдаа анхаарал алдсанаас 2-5 настай хүүхдүүдээ эцэг эх нь дайрч амь насыг нь хохироосон харамсалтай явдал гарчээ. Хөдөө орон нутагт хүний амь нас хохирсон хоёр тохиолдолд нь мотоциклтой холбоотой аж.