Ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэдийн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дадлагажигч эмч нарыг сургалтад хамруулан бэлтгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдгээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ авто тээврийн хяналтын цэгүүд болон тусгаарлах байруудад ажиллуулж байна.
Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 812 хүнийг ажиглалтад авсан бөгөөд одоогийн байдлаар 435 иргэн ажиглалтад байгаа. Ажиглалтад авах байруудын ачаалал 50 гаруй хувьтай байна.
Өнөө өглөө буусан Турк-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 111 зорчигч ирнээс 16 хүнийг ажиглалт болон тусгаарлан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 232 зорчигч ирсэн. Яг одоо үзлэгүүд хийгдэж байна. Урьдчилсан байдлаар 7 хүнийг ажиглалтад авч байгаа.
Эрхүү-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн зорчигчдоос 21 хүнийг Дарханд хоёр байршилд ажиглалтад авсан.
ДЭМБ-ын зөвлөх баг манай улсад ажиллаж байна. Тус багаас эмнэл зүйн заавар, тусламж үйлчилгээ, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр зөвлөгөө авч ажиллахаар болсон.
БНСУ болон Япон улсаас Монгол руу явах гэж байгаа иргэдэд нисэх онгоцны буудал дээр түргэвчилсэн оношилгоо хийж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан" хэмээн хэллээ.