Тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг бүрэн нээлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 3-ны өглөө аймаг, нийслэлээс гарч орж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн нээлээ. Үүнтэй холбоотойгоор 14 мянган тээврийн хэрэгсэл, 40 гаруй мянган иргэн нийслэлийг зорих тоон судалгаа гарсан байсан. Энэ өдрүүдэд замын ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэх учраас цагдаагийн алба хаагчид байнгын 62, түр 36, нийт 98 цэгт хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. 

ТЦА-ны алба хаагчид хөдөлгөөнт  байдлаар болон видео бичлэгээр замын хөдөлгөөнийг баримтжуулах бөгөөд орон нутгийн замд зөөврийн хурд хэмжигчийг дараалан байрлуулсан аж.

Пост бүр дээр Эрүүл мэндийн байгууллага болон Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид ажиллах бөгөөд нэг пост дээр нийт 15-20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж,  байна.

Харин тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхдээ иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, 10 асуулт бүхий асуумж бөглүүлж байгаа.

Тухайн үед тодорхой хэмжээнд хөдөлгөөний удаашрал нэмэгдэх учир энэ үед жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчиж, урсгал сөрөх, урдуур дайрах гэх мэт зөрчил гаргахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Цаашид нийт 65 байнгын пост хяналт, шалгалтаа гүйцэтгэх бөгөөд одоогоор 36 түр постыг нэмэлтээр ажиллуулах аж.

Мөн зам хаасан өдрүүдэд нийслэлийг зорьсон 7000 орчим тээврийн хэрэгслийг буцаасан гэх тоон мэдээлэл бий. Маргааш Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодыг төвийн хэсэг, баруун зүүн гэх мэтээр хуваасан ч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хорооллын постууд нэг гарцтайгаар нээлээ. 

Харин баруун талд буюу Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо дээр нийт зургаан гарцыг нээхээр төлөвлөсөн бөгөөд суудлын болон ачааны машиныг өөр өөр эгнээгээр нэвтрүүлнэ.

Өнөөдрөөс цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учир замын ачааллаас шалтгаалан Улсын онцгой комисс болон Цагдаагийн байгууллагаас цаг тухайд нь хөдөлгөөн зохион байгуулалт дээр шийдвэр гаргаж ажиллана.

Тухайлбал, аймаг дүүргээс гарах гэж буй тээврийн хэрэгслийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, цагийн зайтай гаргах арга хэмжээ авна. Тиймээс ачаалал ихтэй энэ үед онц шаардлагагүй бол нийслэлийг зорихгүй байхыг анхаарууллаа.