Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ДЭМБ-аас гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, амны хаалт хэрэглэх зөвлөмжийг өгсөөр байгаа. Ард иргэд маань эдгээр зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж байгаа нь харагдаж өвчлөл буурснаас харагдаж байна. Тухайлбал, улаан бурхан, гар хөл амны өвчин гэх мэт бохир гараар дамждаг халдварт өвчнүүд 1.9-2.7 дахин буурлаа. Мөн томуу, томуу төст өвчин буурч байна. Өнгөрсөн оны мөн үед томуу, томуу төст өвчний улмаас 600 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол одоогийн байдлаар 200 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаснаар шинэ коронавирусийн халдвараас гадна олон халдварт өвчнөөс сэргийлж байна" гэлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ын мэдээгээр 24 цагийн дотор COVID-19-ын 1739 шинэ халдвар бүртгэгдэж нийт 87137 тохиолдол болсон. 53 нас баралт нэмэгдэж, нийт нас баралтын тоо 2977 болсон. Шинээр Азарбаржен, Эквадор, Ирланд, Монако, Катар улсад халдвар бүртгэгдсэн. Сүүлийн мэдээгээр Итали улсад зорчсонтой холбоотойгоор Доминиканд халдвар бүртгэгдсэн.
БНХАУ-д 579 шинэ тохиолдол, 35 нас баралт мэдээлэгдсэн. 42 мянган хүн эдгэрсэн.
Одоогоор 38 оронд халдвар зөвхөн гаднаас орж ирсэн тохиолдол бүртгэгдэж байгаа бол 20-оод улсад дотоодын дэгдэлт байдлаар тархаж байна.
БНСУ-д 586 тохиолдол нэмэгдэж нийт 3736 болсон. Нийт тохиолдлын 85 орчим хувь нь Тэгү, Ганбүг мужид бүртгэгдсэн. БНСУ-д тохиолдлыг илрүүлэх хавьтлын судалгааг маш сайн хийж байгаа. Өдөрт дунджаар 11 мянган хүнд лабораторийн шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариугаа хүлээж байгаа 33 мянган хүн, 60 мянган хүний лабораторийн хариу сөрөг гарсан.
3688 хүн одоогоор тусгаарлалтад байна. БНСУ-д зургаан голомт байгаагаас хамгийн том нь Шинчонжү сүмийн голомт нь анх нэг хүн халдвар авч 16 хүнд халдвар тарааснаар цаашдаа 2600 хүнтэй голомтыг үүсгэсэн. Энэхүү голомт нь цааш 5 голомттойгоо холбоотой байж болзошгүй эсэхийг судалж байна.
Италид тохиолдлын тоо 50 хувиар нэмэгдэж 1694 болж, нас баралт 8-аар нэмэгдэж 34 болсон.
Итали дэгдэлт гарсан гурван бүсийнхнээ сургуулийг 2 долоо хоногийн хугацаатайгаар хаасан.
Иранд 385 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийтдээ 978 тохиолдол болсон. Нас баралт 11-ээр нэмэгдэж, 54 болсон. Иран нас баралтаараа БНХАУ-ын дараа орж байна.
2020 оны хоёрдугаар сарын 27-ны байдлаар 41 улс олон улсын эрүүл мэндийн дүрмийн 43 дугаар заалтын дагуу олон улсын зорчигч хөдөлгөөнийг 24 цагаас дээш хугацаагаар саатуулсан арга хэмжээ авснаа мэдээлээд байгаа. Одоогоор худалдаа бараа тээвэрлэлтэд хязгаарлалт хийсэн улс байхгүй.
Японд тохиолдлын тоо 9-өөр нэмэгдэж 239 болсон. Нийтдээ 5 нас баралт гараад байна. Япон Улсад найз нөхөд гэр бүлийн дундах гурван жижиг голомт байгаа. Хавьтлын судалгаа, тохиолдлыг илрүүлэх судалгаа үр дүнтэй явагдаж байгаа.
Энэхүү дэгдэлтийг таслан зогсооход иргэн бүрийн үүрэг хариуцлага хамгаас чухал байгааг ДЭМБ-аас анхааруулж байна” гэв.