Шинэ төрлийн коронавирусийн халдвар Ази тивээр тогтохгүй Ойрхи Дорнод, Европ хурдацтай тархаж байна. Одоогоор дэлхий даяар 80,000 гаруй хүн халдвар авч, 2700 хүний аминд хүрээд байгаа юм.
Өчигдөр Европын хэд хэдэн орон коронавирусийн анхны тохиолдолоо зарласан бөгөөд эдгээр нь бүгд Италид дэгдэж буй дэгдэлттэй холбоотой байна. Тухайлбал, Австри, Хорват, Швейцарь улсуудад саяхан Италид зорчоод ирсэн хүмүүсээс халдвар илэрчээ. Мөн тус улсад зорчоод ирсэн Бразилын иргэнээс коронавирус илэрсэн нь Өмнөд Америк тивт бүртгэгдсэн анхны тохиолдол болж байна. Европ дахь дэгдэлтийн төв гэж нэрлэгдээд буй Итали улсад 300 гаруй тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас баржээ.
Ойрхи Дорнодын өвчлөлийн голомт болоод буй Иранд 95 хүнээс халдвар илэрснээс 15 нь амиа алдаад байна. Тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи вирусийн халдвар авснаа нийгмийн сүлжээгээр мэдэгджээ.
Харин БНСУ-д дэгдэлтийн эрчим буурах болоогүй байна. Өнөөдөр өглөөний 9 цагийн мэдээллээр БНСУ-д халдварын тоо 169 хүнээр нэмэгдэж 1146-д хүрчээ.
Хубэй мужид өчигдөр коронавирусийн уушигны хатгалгаагаар өвчилсөн 401 шинэ тохиолдол бүртгэгдэж, 52 хүн нас барж, 2,058 тохиолдол эмчлэгдсэн байна. Тус аймагт нийт халдварын тоо 65,187 болж, 20,912 хүн эмчлэгдэж, 2615 хүн нас барсан.
Харин өнөөдөр өглөө 406 шинэ коронавирусийн халдвар тээгч бүртгэгдэж, 52 хүн нас барж, нийт халдварын тоо 78,064 болж, нас барсан хүний тоо 2715 хүн болжээ.