Тэтгэврийн зээл тэглэх үйл ажиллагаа үндсэндээ эхэлчихсэн байгаа. Даваа гарагаас буюу өнөөдрөөс арилжааны банкуудтай уулзаж зургаа хүртэл сараар тэтгэвэр барьцаалсан зээл олгох асуудлаар ярилцах аж. Сангийн яам өмнө нь Нийгмийн даатгалын сангаас хөрөнгө байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авч байсан. Одоо тийм хөрөнгийн боломж хэр байна вэ гэдгийг судалж байгаа гэнэ.
Сангийн яамны сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараа сарын тэтгэвэр буухаас өмнө тэтгэврийн зээлийн асуудлыг шийдэгдэх байх гэжээ. Мөн тэрээр "Тэтгэврийн зээлгүй байсан иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас олгоё гэж байгаа юм. Журам нь өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Удахгүй албажиж гарах байх. Энэ оны дөрөвдүгээр сараас үнэт цаасаа иргэдийн гарт олгогдоно. Яг мөнгөжүүлэх хугацаа нь 2021 оны тавдугаар сард гэж хуулинд заасан байгаа. Энэ дагуу хэрэгжинэ" гэв.