Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслол өнөөдөр /2019.06.27/ Эрдэнэт хотноо боллоо. Улс орны эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж буй хоёр байгууллагын хороонд хамтын ажиллагааны санамж бичиг үйлдсэнээр Монголын уул уурхайн чадавхыг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд харилцан мэдлэг мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах боломж бүрдэх сайн талтай хэмээн талууд онцолж байлаа.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсныхаа дараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу үйлдвэрлэл техник, технологийн чиглэлээр хамтарч ажиллана. Мөн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн чиглэл нь хамтын ажиллагааны гол чиглэл байх болно. Хамгийн гол нь стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглаж байгаа хоёр компанийн хувьд үйл ажиллагаа нь бүс нутагт ил тод, улс орныхоо хөгжил дэвшилд үр өгөөжтэй байх талыг бид гол үйл ажиллагааныхаа чиглэл болгож байгаа. “Эрдэнэт үйлдвэр” бол өнгөт металл буюу зэс молибден олборлож, боловсруулдаг үйлдвэр. Стратегийн ач холбогдолтой ордыг ашигладаг. Үйл ажиллагаа 40 гаруй жил амжилттай явуулж байна. Өнгөрсөн 40 жил бүтээн байгуулалтын үр өгөөжтэй он жилүүд байлаа. Харин Тавантолгойн орд бол нүүрснийхээ нөөц баялаг, чанар чансаагаараа дэлхийд гайхагддаг орд. “Эрдэнэт үйлдвэр” хангайн бүсэд, Тавантолгойн орд говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр бид бүс нутгийн болон улс орны хөгжил дэвшил, ард олныхоо тусын тулд стратегийн ордуудыг говь нутагт ч, хангай нутагт ч хөгжүүлж болдог гэдгийг харуулж ажиллах учиртай. Аливаа асуудалд бид цогц хандах ёстой. Стратегийн ордуудыг түшиглэж жинхэнэ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай. Нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд авч явах ёстой. Тиймээс энэ бүх чиглэлд хоёр уурхай хамтарч ажиллана. Давын өмнө уурхайчид, хамт олныхоо төлөө ашиг тустай үр дүнтэй хамтарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Газрын хэвлий дэх баялгийг олборлон улмаар боловсруулж үндэсний баялаг болгох эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэж байна. Бидэнтэй хамтарч ажиллахаар шийдвэрлэж, санамж бичиг байгуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага, уурхайчдад гүн талархал илэрхийлье” гэсэн юм.