“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас уламжлал болгон зарладаг “Бүтээлч санаачилга-2018” сайн саналын системийн манлайлагчдыг алдаршуулах уулзалт өдөрлөг өчигдөр /2019.10.16/ боллоо. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бүтээлч санаачилга системийн хүрээнд нийт 317 хүнийг алдаршуулан бүртгэж 26265 шилдэг саналыг цуглуулаад байгаа аж.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аасбайгууллагын шинэчлэлийн менежментийг сайжруулах бүтээлч санаачилгыг дэмжин хөгжүүлэх зорилтын хүрээнд сайн санал системийг нэвтрүүлсэн нь Монгол улсын хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг жишиг болгож чадсан болохыг 2012 онд Азийн бүтээмжийн байгууллагаас “амжилттай” гэж дүгнэсэн байна. Тиймээс сайн саналын систем үр дүнгээ өгдөг болохыг тус үйлдвэрийн удирдлага, ажилчид хэлж байсан юм.Манлайлагчдыг гаргасан саналын тоо, тухайн саналыг үнэлгээчдээр үнэлүүлсэн байдаг, саналын чанар, хэрэгжилтийг харгалзан эрэмбэлж нийт 100 ажилтанг шалгаруулжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан бүр бүтээлч санал гаргах эрхтэй бөгөөд санал бүрийг 1000-15000 төгрөгөөр урамшуулдаг байна. Мөн үйлдвэрт нэвтрүүлсэнтохиолдолд 15-50 мянгантөгрөгийн урамшуулал хүртдэг ба эдийн засгийн үр өгөөжөөс нь хувь хүртэх боломжтой юм байна. Түүнчлэн санал нь оюуны өмч бүтээл болбол хамгийн өндөр үр ашиг гэж үздэг бөгөөд 2018 онд гурван бүтээл оюуны өмчийн патент авчээ.
Сайн санал системийн манлайлагчдын нэг Цутгуурын цехийн удирдлагын суурь машины оператор Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Нийт гаргасан саналынхаа тал хувийг хэрэгжүүлээд байгаа. Үйлдвэрийн хөгжилд залуучуудын хувь нэмэр чухал байгаа учир саналуудаа гаргасан. Үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, техник технологийн шинэчлэлтэй холбоотой саналууд гаргасан. Засвар механикийн заводын цутгуурын цехийн хувьд технологийн өөрчлөлтөд анхаарч, ажилд нэвтрүүлэх боломжтой ойр саналууд гаргаж байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Мөн Авто тээврийн байгууллагын хэлтсийн дарга С.Гантогоо “Би 21 санал оруулж, шилдэг 100 ажилтны нэг болсон. Манай хамт олон ашигтай олон санаачилга гаргаж ажилласан” хэмээсэн бол Баяжуулах цехийн засварчин Б.Тэгш-Оргил “Би эхэндээ сайн саналыг ойлгодоггүй байсан. Сүүлдээ туршлагатай санал гаргагчдаас зөвлөгөө авч ажилласан. Ажлын байрандаа сайн санал гаргах нь зөв юм билээ. Технологи, хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч санал гаргасан. Үр дүнд нь ажлын орчин сайжирч, ажлын үр дүн сайжирсан” хэмээн үг хэллээ.