“Оюу Толгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан байна. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76 хувийг үндэсний компанид төлсөн талаараа өнөөдөр мэдээллээ.
Тус компани улсын төсөвт 209.4 сая ам.доллар оруулжээ. Энэ дунд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 71.1 сая ам.доллар буюу 188.7 тэрбум төгрөг төлснөө тайлагналаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа юм.
Өнгөрсөн 2019 оны IV улиралд гүний уурхайн үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт дууссан бөгөөд нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой, гүний уурхайгаас хүдрийн биетийг энэхүү амаар дамжуулан газрын гадарга руу тээвэрлэн гаргах юм. 2020 оны II улиралд агааржуулалтын урд, хойд амны голлох нэвтрэлтийн ажлыг эхлэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэдгийг “Оюу Толгой” ХХК мэдээллээ. Мөн 2019 оны эцэс гэхэд “Оюу Толгой” төслийн нийт ажилтны тоо 13 мянга 800 гаруй болсны 93 гаруй хувийг монголчууд бүрдүүлжээ.