Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “БНХАУ-д коронавирусийн өвчлөл 15346 тохиолдлоор нэмэгдсэн. Нас баралт 253 тохиолдлоор нэмэгдэн 671 хүн эдгэрч гарсан.
БНХАУ уг өвчлөлтийн нэлээд сайн хяналтдаа авч ажиллаж байгаа учраас өвчлөл нэмэгдэж байгаа мэт харагдаж байгаа болов уу.
Шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид буюу 33 мужид халдвар бүртгэгдсэн.
Өвчлөл огцом нэмэгдсэн. Энэ нь лабораторийн түргэвчилсэн оношилгоог хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өвчтөний нэгдүгээр хавьтлыг шуурхай шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
ДЭМБ-аас өвчний халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгааг хэлсэн.
Сошиалаар өчигдөр Хөвсгөл аймгаас коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн гэх хуурамч мэдээлэл тархсан. Иймд иргэдийг хуурамч мэдээлэлд автахгүй баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч байхыг анхаарууллаа.”
Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “Нийгэмд нийтэд цахим орчин худал мэдээлэл тараадаг, бусдыг төөрөгдүүлэх, уриалахыг таслан зогсоогооч гэж уриалж байна. Өчигдрийн мэдээллийн тухайд Чингэлтэй дүүргийн иргэн Г-г шалгаж байна. Энэ чиглэлд бид холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэнэ. Хуулийн дагуу хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгох учиртай. Мөн шалгалтын явцад тогтоогдох нөхцөл байдлаас хамаарч, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна”
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Халдварын чиглэлээр ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл өгөөд явж байгаа. УОК-ийн шийдвэрийн дагуу ХӨСҮТ өнөөдөр 200 ор гарган сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан шалгаж байгаа. Гэтэл иргэд хариуцлагагүй, хайхрамжгүй иргэний үүргээ биелүүлэхгүй зүйл гараад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарчхаад байхад иргэд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох байдал нэлээд хавтгайрсан байдалтай байна.
Баян-Өлгийн нэг тохиолдлын тухай хэлье. Тэрээр 1 сарын 10-нд Эрээн рүү гарсан. Нэгдүгээр сарын 12-нд Эрээнээс цааш яваад хоёрдугаар асрын 2-нд Эрээнд буцаж ирсэн. Тэндээсээ Бээжин яваад хоёр хоносон. Эргээд хоёрдугаар асрын 4-нд Бээжингээс Эрээнд ирээд, 5-нд Монгол руу хилээр 48 хүнтэй автобусаар орж ирсэн. Замын-Үүдэд 3 хонож, Улаанбаатарт ирээд 2 хоносон. 7-нд Улаанбаатар-Ховдын 40 хүнтэй автобусаар явсан. Тэр автобус замдаа Булганы Сансар, Ховдын Дарвид хооллосон. Тэр хүн Ховдод очоод 2 хоног зочид буудалд байсан. Тэндээсээ цаашаа Баян-Өлгий аймаг руу 4 хүний хамт таксигаар явсан. Баян-Өлгийд очсон хойноо тэрээр халуурч, ханиалгаж, толгой өвдөн, булчин өвдөж, гүйлгэж байна гэсэн зовууртай эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт ирж тусгаарлагдсан. Тухайн иргэн энэ бүх зовуур, явсан замаа мэдээлэхгүй байна. Бид түүнийг Баян-Өлгий аймаг руу хүргэсэн таксины жолооч хамт автобусанд явсан 40 хүнийг нэрээр нь хайж олж байна. Зөвхөн нэг тохиолдолд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв аймгийн бүх аймгийн эрүүл мэндийн салбарууд ажиллаж байна. Иргэдийг өөрсдийнхөө хариуцлагаа ухамсарлаж байх тал дээр хатуу анхаарах хэрэгтэй байна.
ДЭМБ-аас маш их анхааруулж байгаа зүйл бол улс орон бүр маш нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Ингэж ажиллахгүй бол хоцорно гэдэг мэдээлэл өгөөд байхад бид хариуцлагагүй байгаагаа засах хэрэгтэй байна. Халдвар гарсан голомт руу битгий яам, амны хаалт тогтмол хэрэглэ, гараа байнга угаа, ариутга гэж зөвлөж байна.