Японоос 1000 оношлуур ирлээ

Шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ийн халдварын 100 гаруй сэжигтэй тохиолдол Монгол Улсад бүртгэгдээд байгаа билээ. Энэ утгаараа тус вирусийг оношлох оношлуур зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгвэл өчигдөр /2020.2.12/ орой Япон Улсаас дахин 1000 ширхэг оношлуур ирлээ.

Өмнө нь буюу нэгдүгээр сарын 27-нд Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэнгээс 200 оношлуур ирсэн бөгөөд тэдгээр оношлуураас ердөө 30 гаруй оношлуур үлдээд байна.

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад 3000 оношлуур өгөх бөгөөд уг оноглуур энэ долоо хоногт ирнэ гэдгийг албаныхан мэдэгдээд байгаа билээ.

Дашрамд мэдээллэхэд, Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэн монголчуудын коронавирусийн сэжигтэй тохиолдлын шинжилгээг давхар хянаж байгаа билээ.