Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр”-т онц дэглэм тогтоосноос хойш тус үйлдвэрийн төсөвт төвлөрүүлдэг орлого нь огцом өсчээ. Тодруулбал, улс, орон нутгийн төсөвт 2016 онд 184, 2017 онд 580, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2019 онд 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн жил болж байна.
Энэ нь 2016 оноос 5 дахин, 2017 оноос 1.6 дахин, 2018 оноос 1.4 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн гаалийн төлбөр хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 206.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 2019 оны үр дүнгээр улс орон нутгийн төсвийн төлбөрт болон гааль, цахилгааны төлбөрт нийтдээ 1.143.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Тус үйлдвэрийн хамт олон 2020 оны үйлдвэрийнхээ зорилтот түвшин, төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын энэ оны 12 сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлуулжээ. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төлөвлөгөөт зорилтоо өмнөх ондоо багтаан цэгцэлж эхлэх боломж бүрдсэн байна.
Өнгөрч буй 2019 онд Эрдэнэт үйлдвэрийнхэн түүхэндээ хамгийн их буюу 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болжээ. Улс, орон нутгийн төсөвт 900 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж буй ажилтан бүр 140 сая орчим төгрөгийн үндэсний баялаг бүтээж байгааг илтгэж буй үзүүлэлт юм.