Уул уурхай, Хүнд үйлдвэрийн салбарын “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр төв талбайд болж байна.

Энэхүү өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарын төлөөлөл болсон шилдэг 40 орчим аж ахуйн нэгж оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж буй нь олны анхаарлыг татаж байв. 

Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уурхайгаасаа гаргаж буй бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, молибдены баяжмалын дээжээс болон засвар механикийн заводдаа үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, хэтийн зорилт, бодлого зэргээ монгол ахуйтайгаа хослуулан танилцуулснаараа онцлог байсныг нуух юун. 

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар нэг их наяд 314 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд буйг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат өдөрлөгийн үеэр онцлов.

ОН ДУУСАХАД "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БҮРЭН БИЕЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙГООР АЖИЛЛАЖ БАЙНА

Тэрбээр “Он дуусахад "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх боломжтойгоор ажиллаж байна. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өнөөдрийн байдлаар унаж байгаа ч үйлдвэрийн үйл ажиллагаа найдвартай, тасралтгүй ажиллаж байгаа. Учир нь бид хэмнэлтийн бодлого, зэсийн үнийн  зөрүүний алдаглагдлыг нөхөх бодлого зэргийг барин ажиллаж байна.

Мөн засвар механикийн завод нь үйлдвэрийнхээ үндсэн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхээс гадна бусад уул уурхайн компаниудын сэлбэг хэрэгслийг захиалгаар үйлдвэрлэх боломжтой. Ийнхүү засгийн газрын нээлттэй өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна” хэмээв.  

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ НЬ ЗУРГААН ТОМ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын маркетингийн хэлтсийн дарга Б.Бямбадагва “Энэ оны эхний найман сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувийн биелэлттэй явж байна.

Тухайлбал, улс орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд энэ тоо оны эцэст  790 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа юм.

Үүгээр зогсохгүй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь энэ оныг хөрөнгө оруулалтын жил болгон зарлаж, үйлдвэрлэлд шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.  

Үүний хүрээнд бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь зургаан том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд,

  • Ордын нөөцийг нэмэгдүүлэх
  • Дэвшилтэд ашиглалтын технологи, нэвтрүүлэх,
  • Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл
  • Уусгалтын технологи нэвтрүүлэх
  • Зэсийн баяжмал хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төслүүд багтсан.

Мөн энэ ондоо багтаад техник технологийн шинэчлэлүүдийг хийх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой сайжруулалтын ажлыг хийнэ" гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангахад зориулсан үндсэн дөрвөн цех байдгийн нэг нь засвар механикийн завод.

Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл өртөг өндөртэй байдаг. Тэгвэл тус завод нь стандартын болон стандартын бус бүх төрлийн сэлбэг хэрэгслийг өөрсдөө үйлдвэрлэхээс гадна сэргээн засварлах үйлчилгээ явуулдаг онцлогтой аж.

Тэр ч утгаараа “Өдөрлөгийн үеэр бүтээгдэхүүнүүдээ танилцуулан оролцож буй шалтгаан нь бусад уул уурхайн салбарын компаниуддаа сэлбэг хэрэгслээ санал болгож буй явдал. Уул уурхайн салбарт эрэлт ихтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлийн үнээр нийлүүлэх нь Монгол Улсынхаа машин үйлдвэрлэлийн салбарт оруулж буй томоохон дэвшил болохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын засвар механикийн заводын мастер Ц.Оюунбат хэлж байв.

Түүнчлэн тус заводын нэг хэсэг нь шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлдэг бөгөөд катодын зэсээр төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлийг хийдэг байна. Ийнхүү хийсэн аяга, домбо зэрэг бүтээлээрээ өдөрлөгийн үеэр зорин ирсэн иргэдийг айраг барин угтаж авсан нь төв талбайд болсон бас нэгэн онцлох үзэгдлийн нэг байлаа. 

Харин тус үйлдвэрийн амин сүнс болсон бүтээгдэхүүний талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженер Б.Октябрь “Бид өнөөдөр өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалаа танилцуулан оролцож байна. Зэсийн баяжмал нь 23 хувийн зэс агуулсан, харин молибдены баяжмал маань 48 хувийн молибден агуулсан.

Эрдэнэт үйлдвэрийн хувьд жилд 32 сая тонн хүдэр боловсруулдаг. 630 гаруй мянган тонн зэсийн баяжмал, 6,000 орчим тонн молибдены баяжмал гаргадаг”  хэмээн ярилаа.

Төв талбайд болж буй “нээлттэй өдөрлөг” өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: ikon.mn