Хөвсгөл аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Хөвсгөл аймагт шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Гашуунсухайтад нэгдүгээр сарын 21-28-нд тээврийн жолооч хийж байсан 28 настай иргэн Улаанбаатараар дамжин Хөвсгөлд очсон байна. Тухайн иргэн халуурсан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан тул аймгийн эмнэлэгт тусгаарлажээ. Улмаар Хөвсгөл аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хоёр хоног, баар, цэнгээний газруудыг гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, аймаг, сумдад Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ыг хүртэлх хугацаанд түр зогсоох шийдвэр гаргажээ.

Мөн Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 13-ыг хүртэл хааж, объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх, хог хаягдлаа цэвэрлэх, ил задгай хаяхгүй байх, хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байхыг холбогдох албаныханд даалгасан байна.

Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй “Шуурхай штаб”-ыг 24 цагаар гаргаж, холбогдох албадын дарга гишүүдэд үүрэг чиглэл өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээлэл өгч ажиллахыг даалгажээ. Үүнээс гадна эрсдэлийн түвшин нэмэгдэх үед хүний нөөцтэй байх, шинэчилсэн төлөвлөгөө боловсруулж ажиллах, сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлыг илрүүлж, хүн тээвэрлэж байгаа жолооч нар болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цагаан хаданд ажилладаг жолооч нарын нарийвчилсан судалгааг гаргах, Аймгийн Онцгой комиссын даргын албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг бүх байгууллагуудын дарга нарт тус тус үүрэг болголоо. 

Түүнчлэн ирэх сарын 2-3-нд зохион байгуулахаар төлөвлөөд байсан мөсний баярыг цуцлах талаар ярилцаж байгаа аж.