Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар болжээ.
Төв банкны мэдээлснээр шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон гурван хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог гэнэ. Шинэчлэн сайжруулсан 50-т болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргах гэнэ.
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангаж, нөөцийг дахин бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх явдалтай тэмцэхэд анхаарал хандуулж, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын элементийг сайжруулж, шинэчлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.