ЭМЯ: ХӨСҮТ-д ирсэн шинжилгээний хариунууд сөрөг гарсан

ЭМЯ-наас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл  ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээ сөрөг гарсан талаар мэдээллээ.

ЭМЯ-наас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар ДЭМБ-ын мэдээгээр коронавирусийн нийт халдварын нийт 31436 тохиолдол, 638 хүн нас баралт бүртгэгдсэн. 3174 шинэ тохиолдлоор нэмэгдсэн. Халдварын 70 хувь нь БНХАУ-ын Уханьд гарч байна.

ДЭМБ-аас короновирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлах хариу арга хэмжээний уялдааг хангах зорилгоор 675 сая ам.долларын төсөвтэй бэлэн байдал хариу арга хэмжээний стратеги төлөвлөгөөг өчигдөр гаргалаа. Энэ ажлын хүрээнд Гейтсийн сан, Япон Улсын Засгийн газар болон бусад орнууд хандив өгч эхлээд байна. Өчигдөр ДЭМБ-аас 200 гаруй орны НҮБ-ын төлөөлөгчийн газруудтай видео хурал хийж нөхцөл байдал болно цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. ДЭМБ-аас ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 11, 12-нд коронавирусийн судалгаа шинжилгээний ажлыг дэлхийн хэмжээнд уялдуулах судалгааны тэргүүлэх чиглэлийг тогтоох зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний форум зохион байгуулах эгж байна. Монгол Улсын хувьд гамшгаас хамгаалах тогтолцоо, бүтэц зохион байгуулалтын нэгдсэн системтэй. Улсын онцгой комиссын даргын баталсан тушаалын төлөвлөгөөний дагуу салбар хоорондын байгууллагууд бэлэн байж хариу арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран энэхүү төлөвлөгөөний хэрэгжилт цаашид авах нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр эрүүл мэндийн класстерийн хоёр дахь удаагийн уулзалтыг ЭМЯ өнөөдөр зохион байгуулна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д ирсэн шинжилгээний хариунууд сөрөг гарсан. 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр ХӨСҮТ-д мөн зургаан хүн тусгаарлагдан хянагдаж байна. Ховдод хоёр хүн, Дархан-Уул аймагт нэг хүн тус тус тусгаарлагдан хянагдаж байна. Мөн Ховд, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний сорьц ХӨСҮТ-ийн лабораторид ирсэн. Бидний хувьд анхаарлаа сулруулж болохгүй. Амны хаалт зүүн хувийн хамгаалалтаа сайжруулан гараа байнга угааж, ариутган олон нийт цугларсан газруудаар явахгүй байх хэрэгтэй” гэв.

 Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Хоёрдугаар сарын 3-ны байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 97343 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 11 мянган хүүхэд оношилогдсон. Энэ нь нийт үзлэгийн 11.3 хувь буюу өнгөрсөн долоо хоногийнхоос 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Орны ачааллын хувьд өнөөдөр 10:00 цагийн байдлаар нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 806 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 87.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Одоогийн байдлаар орны ачаалал нэмэгдээгүй. Хүүхдийн хэвтэлт багассан. Томуу томуу төст өвчний өвчлөл нэлээд буурсан.

Дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулж байгаа.

Өнөөдрөөс эхлээд ард иргэдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийг тойрсон найман авто замын товчоонд эрүүл мэндийн байгууллагынхан 24 цагаар тандалт, хяналт хийх үйл ажиллагаагаа эхэлж байна” гэв.

Түүнчлэн урд хөршид дэгдээд байгаа шувууны ханиадны улмаас Монгол Улсад хохирол гараагүйг холбогдох албаныхан мэдээллээ.