Өчигдөр орой Google компани 2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулахдаа YouTube үйлчилгээний орлогыг анх удаа нийтэд задлан харуулжээ.
Дэлхийн хамгийн том видео платформ YouTube нь жилд $15 тэрбумын сурталчилгааны орлого олдог юм байна.
Анх Google компани YouTube-ийг 2006 онд $1.65 тэрбумаар худалдан авч байжээ. Тэгвэл энэ наймаа нь ямар ашигтай бизнес болсныг дээрх тоо баримтаас харж болохоор байна.
YouTube-ийн орлого нь Google компанийн нийт орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг ажээ. Гэхдээ уг үйлчилгээний орлого нь Фэйсбүүкийн сурталчилгааны орлогын 20 орчим хувьтай тэнцэж байна. Харин Amazon-ий эзэмшдэг Twitch платформын сурталчилгааны орлогоос зургаа дахин өндөр юм.
Ихэнх орлогоо үнэ төлбөргүй видеоны үеэр үзүүлсэн сурталчилгаанаас олдог бол сурталчилгаагүй видео үзэх боломжтой Premium үйлчилгээ нь 20 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Гэхдээ дээрх орлогод Premium үйлчилгээний сарын хураамжийн орлого багтаагүй гэнэ.
Google компани өнгөрсөн онд нийтдээ $160 тэрбумын орлоготой ажилласан байна.