ЭМЯ-наас шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдол гарсангүй. БНХАУ-аас гадна 23 улсад халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээр улсуудад шинээр бүртгэгдсэн долоон хүн бүгд БНХАУ-д зорчсон байна" гэв.
Үргэлжлүүлэн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрбээр "ГХЯ-ны яам хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх улсад байгаа ЭСЯ-дад чиглэл өгөөд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-д байгаа ЭСЯ, Консулын газрууд халдварын голомтоос өөр бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. БНХАУ-ын Цагаан сар өнгөрснөөс хойш 5800 орчим иргэн эх орондоо ирээд байгаа. Өчигдөр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 100 орчим иргэн ирсэн бол өнөөдрийн байдлаар Эрээнд 150 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргаад байна.
Гадаадад байгаа иргэддээ хандаж хэлэхэд ЭСЯ болон Консулын газартаа бүртгүүлээрэй. Аливаа асуудал гарахад бүртгэлтэй иргэдтэйгээ холбогдоход хялбар бөгөөд шуурхай байдаг. Зарим улс орон хилийн хязгаарлалт нь манай улсын иргэдэд нөлөөлж болохуйц байгаа учраас үүнтэй холбоотой мэдээллийг иргэддээ хүргэн ажиллаж байгаа" гэлээ.